“СУРАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ”-ИЙГ ТОГТМОЛ, АМЖИЛТТАЙ ХӨТӨЛСӨН СУРАГЧИД, ДЭМЖИН АЖИЛЛАДАГ БАГШ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ УРАМШУУЛЛАА

Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид 2017-2018 оны хичээлийн жилд “Сурагчийн тэмдэглэл” сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн хөтөлж, ашигласан талаар танилцуулах арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, “Хатан хөтөч” ТББ-ын тэргүүн н.Лхамжав, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.

“Чингэлтэйн боловсрол 2020” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 20000 гаруй сурагчдад зорилго, тэмүүлэл, хүсэл мөрөөдөлтэй, эмх цэгцтэй төлөвлөдөг, суралцдаг болоход нь дэмжлэг үзүүлэх, хүүхэд, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Сурагчийн тэмдэглэл” сургалтын хэрэглэгдэхүүнийг олгож, “Сурагчийн тэмдэглэл бидний хөгжилд” уралдааныг зохион байгуулсан юм. “Сурагчийн тэмдэглэл” хөтөлснөөр цэгцтэй, зөв бичих чадвар нэмэгдэн сурагчдын сурлагын ахиц дээшилж, өөрийгөө бусдад илэрхийлэх, бусадтай зөв харилцах, багаар ажиллах чадвар хөгжиж, орон нутаг, байгаль орчны талаар мэдлэг мэдээллээ ахиулж, цээжилж, тогтоох чадвар хөгжсөн гэдгийг багш, сурагчдын төлөөлөл онцолж байлаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Сурагчийн тэмдэглэл нь суралцагчдын эзэмшвэл зохих ур чадварыг олгоход чиглэсэн сургалтын хэрэглэгдэхүүн юм. Энэ нь дүүргээс боловсролын салбарт баримталж буй “Өв тэгш-Оюунлаг-Бүтээгч Монгол хүүхэд төлөвшүүлэх” бодлого, зорилттой бүрэн нийцдэг. Тэмдэглэлээ өдөр бүр амжилттай хөтөлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр зорьж, шамдан суралцаж байгаа сурагчид болон тэднийг дэмжин ажилладаг багш, сургалтын менежерүүддээ талархлаа” гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн “Сурагчийн тэмдэглэл бидний хөгжилд” уралдааны хүрээнд тэмдэглэлээ тогтмол, амжилттай хөтлөсөн 2-9 дүгээр ангийн сурагч, анги хамт олон, тэднийг дэмжин ажилладаг багш нар, багш сурагчдын хичээл зүтгэл, амжилт чадварыг бодитой үнэлж баг хамт олноо зөв удирдан зохион байгуулсан сургалтын менежерүүдийг урамшууллаа.

Leave a Reply

  • Facebook