быстрый займ на карту
Үзсэн: 989

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ” ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар болон Герман, Швейцар, Австрали Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, дүүргийн залуучуудын  хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бий болгох зорилгоор дүүргийн хүн амын нягтаршил ихтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж, нээлтийн арга хэмжээг 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтэд дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, нар болон Швейцарын Хөгжлийн Агентлагийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс, иргэд олон нийт оролцлоо.

Төвийн нэгдүгээр давхарт төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагаа, сурагчдын урласан бүтээлийн үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулах “Чингэлтэйд үйлдвэрлэв-3” төв, хоёрдугаар давхарт “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” тус тус байрлаж байна.

“Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” нь иргэдэд нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл хүргэх, ажил мэргэжлийн сонголтоо хийхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, чиглүүлэх хэлбэрээр сургалт, уулзалт зохион байгуулах, алслагдмал хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг  чанартай,  шуурхай хүргэх зорилготой юм. Тус төв нь ажил, мэргэжлийн талаар мэдээлэл авахад зориулсан интернетэд холбогдсон компьютер, ном, гарын авлагаар хангагдсан номын сантай тохилог орчныг бий болгосон. Мөн шаардлагатай тохиолдолд ажил, мэргэжлийн мэргэшсэн зөвлөхөөс ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл авч, хувиараа хөдөлмөр эрхлэх, ажилд зуучлуулах, сургалтад хамрагдах зэрэг бусад төрлийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.

Иргэд, ажил олгогчид та бүхнийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, “Нарантуул-2” худалдааны төвийн баруун талд, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”.

 

Leave a Reply

  • Facebook