ХАЛХ ГОЛЫН 75 ЖИЛИЙН ОЙГООР АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Халх голын дайны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, алдар гавъяаг нь иргэдэд таниулах үүднээс олон арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүлж батламж нэг сая төгрөгийн хамтаар гардууллаа.
Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт Цогтын Гэндэндаржаа, Нанзадын Лувсандорж, Хишигийн Намсрайжав, Пунцагийн Шагдарсүрэн, Жамцын Дамбаарай, Цэрэнгийн Чимэдцэрэн, Сүрэнгийн Лхамжав зэрэг долоон ахмад дайчид оршин сууж байна. Эдгээр хүндтэй хүмүүс бол нэгэн цагт эх орныхоо төлөө дайнд орж, ялалтын тугийг өргөлцөж явсан гавъяатай ахмадууд билээ.

1

Цогтын Гэндэндаржаа гуай бол Халх голын болон 1945 оны Чөлөөлөх дайнуудад тагнуулчаар ажиллаж, дайсныг судлах, мэдээ мэдээлэл цуглуулах, орчуулах зэрэг ажлыг орос цэргүүдтэй хамтран гүйцэтгэж ирсэн гавъяатай хүн юм.

2

Пунцагийн Шагдарсүрэн гуай Халх голын болон 1945 оны Чөлөөлөх дайнуудад Штабын даргаар оролцож явсан. 1939 онд Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсангийн тусгай хэргийн гүйцэтгэгчээр, 1940 онд Ерөнхий сайдын гарын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр долоон улсад Монгол улсынхаа элчин сайдаар сууж, их зүйлийг бүтээсэн хүндтэй хүн юм.

3

Нанзадын Лувсандорж гуайн хувьд цэргийн агт морьдыг байлдааны талбарт шаардлагатай газруудад хүргэж өгөх ажлыг өөрийн биеэрээ гүйцэтгэж ирсэн бөгөөд цэргийн албаа 6 жил хаагаад 1945 онд дайнд оролцож байсан. Цэргээс халагдаж ирснийхээ дараа хүртэл улс эх орныхоо төлөө хүчин зүтгэж явсан гавъяатай ахмад юм.

4

Хишигийн Намсрайжав гуай нь 1939 оны Халхын голын дайнд оролцож, тагнуулчнаар ажиллаж байсан. Тэрбээр 1949 оноос Монголын Радио хороонд нэвтрүүлэгч, улс төрийн нэвтрүүлгийн редактор, орлогч даргаар ажиллаж байгаад “Үнэн” сонинд шилжин хэлтсийн эрхлэгч, утга зохиолын ажилтны албыг тасралтгүй 33 жил хашсан юм.

5

Жамцын Дамбаарай гуай Халх голын байлдаанд аав, ахынхаа хамт оролцож тулалдаанд эвдэрсэн машин техникийг дайны талбараас татан гарах, эвдрэлийг засварлах ажлыг гүйцэтгэж байсан. Дараа нь 1946 оноос Нийгмийг аюулаас хамгаалахын эмнэлэгт тасралтгүй 40 жил эмийн санчаар ажилласан юм.

7

Харин Сүрэнгийн Лхамжав гуай Халх голын дайнд оролцож байх үедээ орос цэргүүдийн хамт тагнуулд явж, дайсны байрлал, газар орныг судлах, мэдээлэх зэрэг үүргийг биелүүлж байсны зэрэгцээ холбоо тасгийн даргаар ажиллаж байсан. Дараагаар нь 1946 оноос аймгийн худалдаа бэлтгэлийн ангид няраваар 25 жил ажилласан хүндтэй хүн юм.

65

Цэрэнгийн Чимэдцэрэн гуай 1939 онд сумынхаа бага сургуульд сурч байхдаа дайнд сайн дураар оролцох 16 хүний нэг нь болж 15 насандаа сувилагчаар ажиллаж, байлдааны талбараас шархтанг татан гаргаж цэргийн төв эмнэлэгт хүргэх үүргийг гүйцэтгэж ирсэн. Харин 1950 оноос Худалдаа нийтийн хоолны газар тогоочоор 25 жил ажилласан гавъяатай настан юм.

Халх голын дайнд оролцож явсан эдгээр ахмадууд болоод мөнх бусыг үзүүлсэн өөр бусад олон дайчдын хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэлийн үр шимд өнөөдрийн Монголчууд бидний амар тайван амьдрал оршин байгаа. Тиймээс Халх голын дайнд орж дайснаа тагнаж байлдаж явсан, шархдсан хүмүүсийг эмчилж явсан, эх орныхоо бүтээн байлуулалтанд олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүмүүсийн алдар гавъяа үеийн үед дуурсагдана.

Leave a Reply

  • Facebook