Чингэлтэй дүүргийн 9, 10-р хорооны иргэдийг дахин төлөвлөлтийн санал хураалтад урьж байна

УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажил 4 дүгээр сараас эхлэн амжилттай үргэлжилж байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 8-15-р гудамжны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг дэмжих санал хураалтад оролцож 68% нь дэмжсэнээр “Зос трейд” компани төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон юм.

Харин 07 дугаар сарын 27-ны бямба гарагт Чингэлтэй дүүргийн 9,10-р хорооны иргэдийн санал хураалт болох гэж байна. Тус хороодын 39,7 га газарт “Алтан трейд” ХХК төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлээд байгаа аж.

1100-1200 орчим газар өмчлөгч, эзэмшигчид энэ газарт хамрагдаж байгаа юм. Эдгээр иргэд, өмчлөгчдөд “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-өөс санал хураалтад оролцох урилга гардуулах ажлыг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны байранд 09-19 цагийн хооронд үргэлжлэх санал хураалтын дүнгээр олонхийн дэмжлэг авч чадвал “Алтан трейд” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхтэй болж, дараагийн шат болох иргэн, аж ахуйн нэгж хоорондын 2 талт гэрээг байгуулах юм.

Тиймээс тус дүүргийн 9,10-р хорооны иргэдийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийх аж ахуйн нэгжийг дэмжих санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook