быстрый займ на карту
Үзсэн: 579

Дэд бүтцийн төв иргэдэд хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна

Иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар шинэчлэн зохион байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Засаг даргын Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон хорооны удирдлага, албаны хүмүүс очиж танилцлаа.

“Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 220 нэгж талбарын 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байна.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байгаа юм.

Дээрх 285 айлыг халуун, хүйтэн, бохир усны шугамд холбохын тулд 5 хос шугам шинээр татсан. Дэд бүтцийн төвийн барилгын хувьд зоорийн давхарт цахилгааны 10 Квт дэд болон 0.4 Квт станцтай. Мөн СӨХ-ын үйл ажиллагаа явуулах болон оршин суугч иргэд нөхөрлөл байгуулан үйл ажиллагаа явуулж болох орчин нөхцөлөөр хангажээ.

Мөн бие даасан цэвэрлэх байгууламжтай бөгөөд хоногт 520 м/куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай. Дэлхийн стандартад нийцсэн, сүүлийн үед жишиг болсон цэвэрлэх байгууламж юм. Улаанбаатар хотод гэр хороолол дунд баригдсан анхны байгууламж юм. Бохирыг 99.99 хувь цэвэршүүлнэ. Үнэр ялгарахгүй, гарч буй бохир ультра ягаан туяагаар шарагдаж цэвэршдэг гээд олон давуу талтай аж.

Ирэх сарын 15-наас 2.2 км гэрэлтүүлэг болон камержуулалттай авто замын ажил эхэлнэ. Мөн энэ орчимд оршин сууж төсөлд хамрагдсан иргэд хамтарч нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний болон дугуйн зам байгуулах боломжтой.

Төслийн хүрээнд 285 айлын газар буюу нийт 14 га газарт дулааны 85 худаг хийгдсэн. Харин бохирын 92 худаг шинээр барьжээ. Мөн дулааны 2800 метр, бохирын 2200, цэвэр усны 1200 метр, цахилгааны 2500 хос метр шугам тавигдсан байна.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй айл дулаанд холбогдсон. Айлуудын хашаанд төвийн шугам оруулж холбосон. Харин хашаанаас байшин хүртэл татах ажил ирэх сараас эхлэх юм. Бүрэн ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 5 дугаар сарын 15 гэж тооцож буйг нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү хэллээ.

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Энд оршин сууж дэд бүтцийн төвд холбогдсон айл өрхүүд төвийн дулаанд холбогдсон айл өрхүүдтэй адилхан. Иргэд байшингаа яаж ч өөрчилж орон сууцаа шинэчлэн тохижуулж болно. Мөн иргэд нэгдэн хороодын хөгжлийн зөвлөл байгуулж тухайн зөвлөл дэд бүтцийн төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, сантехник зэрэг бүхий л үйлчилгээ явуулах боломжтой. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Энэ төслийг дэд бүтэц хүрэх боломжгүй газруудад хэрэгжүүлж болно. Тухайн орчмын айлуудаас шалтгаалан хүчин чадал, хамрах хүрээг томруулан хийх боломжтой. Иргэдийн таатай амьдрах бодит шаардлагыг хангаад өгвөл зөв хэмнэл, ахуйн орчин сайжраад ирвэл гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах ажил эрчимжиж энэ жишгээр амьдрах иргэдийн тоо өсөх, хамрах хүрээ тэлэх хөшүүрэг болж өгөх юм” гэлээ.

Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төвийг барьж байгуулах замаар 17,500 нэгж талбарын 22,250 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Leave a Reply

  • Facebook