быстрый займ на карту
Үзсэн: 306

“ЭРҮҮЛ ИРГЭН” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийслэлийн засаг даргын “Эрүүл иргэн”  аяныг зохион байгуулах тухай  А/320 дугаар захирамжийн дагуу иргэдэд Эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг ойртуулах, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлж  өвчлөл, хүндрэлээс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааг зорилтот хүн амд хүргэх зорилгоор нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд  дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог хийх аяныг  4 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулахаар болсон.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд тус аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр дүүргийн 12 дугаар хорооны “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар болон албаны хүмүүс оролцлоо. Дүүргийн эрүүл мэндийн төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар халдварт болон халдварт бус өвчний үзлэг шинжилгээг хийж тус хороонд 2 өдөр ажиллана.

Аяны хүрээнд дүүргийн хувьд үзлэг шинжилгээ хийх хороодын хуваарийг гарган ажиллаж байгаа бөгөөд аян эхэлснээс хойш  халдварт өвчний үзлэг шинжилгээг 4 хороонд, халдварт бус өвчний үзлэг шинжилгээг 3 хороонд одоогийн байдлаар явуулсан байна.  Нийт 1009 хүн хамрагдсан ба сүрьеэ болон БЗДХ илрүүлэх шинжилгээнд 482 хүн, халдварт бус өвчний үзлэг шинжилгээнд 527 иргэнийг хамруулсан байна.

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook