быстрый займ на карту
Үзсэн: 458

2020 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248, дүүргийн Засаг даргын 2019 оны А/862 дугаар захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэл 2020 оны оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2 дугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдаж дууслаа. Цэргийн бүртгэлийг 2020 онд зохион байгуулах ажлын хэсэг, дүүргийн хороодын Засаг дарга, Ажлын албадын дарга, зохион байгуулагч, бусад албан хаагчид дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын зорилтоо биелүүлж ажиллаа.

Цэргийн бүртгэлийн явцын талаарх мэдээлэлтэй Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын удирдамжийн дагуу 1 дүгээр сарын 28-ны өдөр цэргийн штабын үйл ажиллагаа болон цэргийн бүртгэл дүүргийн хороодод хэрхэн явагдаж байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн дэд хурандаа С.Майхүү, А.Гэрэлт-Од нар дүүргийн 5, 10 дугаар хорооны ажилтай танилцаж шалган туслах ажлыг явуулав. Мөн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины мэргэжилтэн Ц.Энх-Оргил 1 дүгээр сарын 31-ний өдөр дүүргийн Цэргийн штабын үйл ажиллагаа болон дүүргийн 1, 3, 6 дугаар хороонд цэргийн бүртгэл  хэрхэн явагдаж байгаатай танилцаж хороодын Засаг дарга нар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хэрхэн ажлаа уялдаж явуулдаг цэргийн бүртгэл хороонд хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар уулзалт ярилцлага зохион байгуулан ажилласан.

2020 оны цэргийн бүртгэлээр дүүргийн 2, 4 дүгээр хороод иргэдээ 100 хувь, 1 дүгээр хороо 98.1 хувьтай бүртгэж бусдыгаа манлайлан дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэл 95.2 хувьтай зохион байгуулагдан явагдаж дууслаа. Цэргийн бүртгэлийн үед дүүргийн 1-19 дүгээр хороодын Ажлын алба, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сургалт сурталчилгаа, зурагт хуудас, тараах материалуудыг хуулийн хүрээнд танилцуулж ажилласан нь цэргийн бүртгэлийн үр дүнд ихээхэн ахиц дэвшил гарсан байна. Хороодууд 18 нас хүрч цэргийн үүрэгтний үнэмлэхээ шинээр гардан авч байгаа залуучуудад хүндэтгэлтэй гардуулж өгөх, урилга хүргүүлэх, хэсгийн ахлагч нарынхаа дунд уралдаан зарлах, өдөр тутам хэсэг тус бүрт хяналтын тоо тогтоох, хүн олноор цуглардаг худалдааны төвүүдэд зар мэдээ хүргэх, цэргийн штабаас хороодод ажиллаж шаардлагатай мэдээлэл өгөх, шалган туслах, цэргийн үүрэгтний дэвтрийг очиж баталгаажуулах  зэрэг үр дүнтэй ажлуудыг зохион байгууллаа.

Дүүргийн хэмжээнд 2020 оны цэргийн бүртгэлд ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны хугацаанд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүйгээр бүртгэх, хаягандаа байдаггүй зарим иргэдийн судалгааг авч Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтарсан ажил зохион байгуулах юм.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook