быстрый займ на карту
Үзсэн: 393

Н.БАТСҮМБЭРЭЛ: БИ ХЭН НЭГНИЙ ЗАХИАЛГА, ЗАРААЛААР ТОМИЛОГДООГҮЙ

Өнөөдрөөс нэг сарын өмнө Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчид зөрчилдөж ИТХ-ын дарга болон Засаг даргаа огцруулсан. Ингээд тус дүүргийн шинэ Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг томилсон юм.

Түүнийг томилогдсон даруйд “МАН-ын улс төрийн ажилтан, Т.Аюурсайханы хүн” гэх мэт шүүмжлэл дагасан билээ. Харин Н.Батсүмбэрэл нь Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн аваад дүүргийн газрын зөвшөөрөлтэй холбоотой хууль бус шийдвэрийг цэгцлэх, захын хороодод биечлэн ажиллаж асуудал бүртэй танилцахаас эхлээд завгүй гүйж байгаагаа өөрөө учирлав.

Бид Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг ярилцлагын зочноор урьж, өөрийг нь тойрсон улс төрийн сэдэв болон дүүрэгтэй холбоотой асуудлаас гадна хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛААЧ ГЭХ САНАЛЫГ НАМААС БОЛОН
ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАВЬСАН-

-Сайхан хаваржиж байна уу та. Яг нэг сарын өмнө Чингэлтэй дүүрэгт улс төрийн тогтворгүй байдал бий  болж ИТХ-ын дарга болон Засаг даргаа огцруулсан. Эл үйл явдлын дараа та Засаг даргаар томилогдлоо. Таныг уг албан тушаалд томилогдсон даруйд “Т.Аюурсайхан Д.Ганболдыг ялж, Чингэлтэй дүүргийг бужигнуулж өөрийнхөө хүнийг Засаг даргаар томилууллаа” гэх яриа яригдсан. Та УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы “хүн” мөн үү. Энэ хүнтэй хэр ойр, дотно харилцаатай вэ?

-Чингэлтэй дүүргийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгөх гэж байна. Өмнө нь би дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тэгэхээр би энэ дүүргийн хувьд шинэ хүн  биш. Нөгөөтээгүүр Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан. Тийм ч учраас ИТХ болон дээд шатны Засаг даргын шийдвэрээр томилогдож, чөлөөлөгддөг. Энэ дүрэм, журмын дагуу л зохион байгуулагдсан ажил юм. Засаг даргыг сонгохдоо намаас судалгаа явуулсан. Намайг уг ажилд ажиллахыг намаас цаашлаад дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид санал тавьсан.

-Нам тань болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргаар ажиллаач гэдэг саналыг таньд тавьсан гэсэн үг үү?

-Чингэлтэй дүүргийн үйл ажиллагааг намайг ахалж ажиллах нь зүйтэй гэдэг саналыг намын тодорхой хүмүүс тавьсан. Мөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид санал гаргасан юм. Тодорхой  хугацаанд бодож  үзсэний дараа шийдвэрээ гаргасан нь энэ. Мэдээж ИТХ болон Засаг даргын тамгын газарт ажилласан туршлага минь уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн. Хамгийн чухал нь шинэчлэл хийх гэж буй залуустайгаа хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн.  Түүнээс хэн нэгний захиалга, зараалаар томилогддог албан тушаал биш. Томилдог хуультай. Хувь хүний хувьд ч би зарчим дээрээ байсан.

-Нэг сарын өмнө танай дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хоёр хуваагдсанаас болж дүүргийн ажил саатаж, иргэд хохирч байсан. Тухайн үед таньд ямар итгэл үнэмшил байсан. Учир нь улс төрийн энэ хэрүүлийн цаана таныг болон бусад албан тушаалтнуудыг байсан гэх яриа яригдсан шүү дээ?

Засаг даргаа өөрчилснөөс болж манай дүүрэг хүмүүсийн анхааралд нэлээн өртсөн байх. Гэхдээ улс төрийн ийм үйл явц өмнө нь хэд, хэдэн удаа болсон. Ер нь улс төрийн шинэчлэл тасралтгүй явагддаг шүү дээ. 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ шинэчлэлийг ярьдаг л байсан. Тухайн үед Х.Батбилэг дарга манай дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Бид шинэчлэлийн талаар ярьдаг л байсан. Дараа нь Д.Ганболд Засаг даргаар ажилласан. Тэр үед ч мөн тодорхой санал, шийдвэрүүдийг тавьж байсан. Саналыг хүлээн авч шийдэл, шинэчлэлийг хийгээгүй учраас Д.Ганболдыг огцруулж байсан удаатай. Чингэлтэй дүүрэг дэхь шинэчлэлийн ажил энэ жил гэнэт хийгдсэн юм биш. Олон жил хийгдэж ирсэн үйл явц. Дараа ч үргэлжилнэ. Миний хувьд дүүрэгт хуримтлагдаж, хураагдсан асуудлыг шийдвэрлэж, арай өөр хэлбэрээр ажиллах юмсан гэсэн бодлоороо энэ ажлыг хүлээн авсан.

-Таны ярианаас дүгнэвэл өмнөх удирдлагууд шинэчлэлд хойрго хандаж ирсэн юм байна. Тиймээс та бүхэн шахаж, шаардаж ирсэн гэж ойлгож болох уу?

-Бүх зүйлийг нэг өнцгөөс харж болохгүй шүү дээ. Өмнө нь би хэлсэн. Засаг даргыг томилж, чөлөөлөх нь улс төрийн үйл явц. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хашдаг албан тушаал. Энэ хугацаанд ажлаа сайн хийхгүй байна гэж үзвэл эсвэл тодорхой улс төрийн шалтгаанаар чөлөөлдөг. Нийслэлд ч ийм үйл явдал болсон шүү дээ.  Засаг даргыг чөлөөлөх нь улс төрийн үйл явц. Бүтээн байгуулалтын ажлыг дүүрэгт сайн хийсэн, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангасан гэх мэт сайн зүйл олон. Мөн нөгөө талд алдаа дутагдалтай асуудал ч олон байн. Тус алдаа дутагдлыг засахыг шаардахад засаагүй. Арав гаруй жил Засаг даргаар нэг хүн ажиллачихлаар алдаа, дутагдлаа мэдэхгүй болдог талтай юм байна. Тэр нөхцөл байдал Чингэлтэй дүүрэгт үүссэн байсан. Тийм учраас шинэчлэх ёстой гэдэг дуу хоолойг энд илэрхийлсэн юм.

-ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА МАНАЙ ДҮҮРГИЙН
ГАЗРЫГ ЗАРАХ ГЭЖ БАЙГААД ХУУЛЬ ХҮЧНИЙХЭНД БАРИГДСАН-

-За дээрх үйл явц өрнөж дууссаны дараа та засаг даргаар томилогдлоо. Ажлаа аваад нэн тэргүүнд ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж харав?

-2020 оны төсөв, төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлууд хэвийн явагдаж байна. Харин дутагдалтай зүйл  нь газар зохион байгуулалтын асуудал байсан. Үүдээр орж ирээд л энэ асуудал руу ханцуй шамлан орсон. Чингэлтэйг бусад дүүрэгтэй харьцуулбал жижиг бөгөөд хязгаарлагдмал газартай. Газрын нөөц нь шавхагдсан гэсэн үг. Нийт 19 хороотой. Үүний зургаа нь байшин хороолол. Байшин хорооны газрууд олгогдож түүн дээр нь барилга бариад дууссан байна. Одоо зөвшөөрөлгүй хашааг буулгах, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага байна. Тэгэхгүй бол энд, тэндгүй зам, байгууламж хаасан хашаа болсон байна.

Мөн орон сууцны гаднах талбайг хувийн компани хашаалж автомашины зогсоол болгосон гэх мэт зөрчил их. Гэр хорооллын хувьд дахин төлөвлөлтийг зохион байгуулах нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ ажил хийгдээгүй байна. Яагаад хийгдэхгүй байгааг судалж байна. Харин зуслангийн бүсийн газар олголттой холбоотой маш их асуудал байна. 900 гаруй өргөдөл, санал хүлээгдэж буйг ажил авсныхаа дараа мэдсэн. 900 хүн газар эзэмших эрхээ сунгуулах, шилжүүлэх гээд хүлээж байна шүү дээ. Энэ ажил яагаад удаашрав гэдгийг судалж байна. Намайг Засаг даргаар томилогдохтой зэрэгцээд манай газрын албаны дарга солигдсон. Ямар шалтгаанаар газрын албаны дарга солигдсон юм. Энэ талаар бас бус янз бүрийн яриа  байна. Цагдаа сэргийлэхэд шалгагдаж буй газрын тухай асуудлууд байгаа. Тиймээс энэ асуудлыг шалгахаар ажлын хэсэг гаргасан.

Та бүхэн санаж буй бол  Хан-Уул дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд хууль, хүчнийхэнд баригдсан даа. Тэр нөхдүүд манай дүүргийн цагдаагийн байгууллагын хажуу талын газрыг зарах гэж байгаад баригдсан юм байна лээ. Би цагдаа нартайгаа уулзаж “Бүгдээрээ газраа хамгаалнаа. Цагдаагийн байгууллагын орчмын газрыг энд тэндхийн хулгайч нар авч болохгүй” гээд ажлын хэсгийг гаргаж, нөхцөл байдалтай танилцсан. Энэ мэт газрын асуудлыг нэн тэргүүнд цэгцлэх шаардлага байна. Дулаан цаг ирлээ. Иргэдэд алхах, амрах, салхилах газар хэрэгтэй. Мөн зуслангийн газрын асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Цаашид газартай холбоотой асуудлыг Улаанбаатар хотын түвшинд бүхэлд нь авч хэлэлцмээр юм байна гэж бодон сууна.

-Хан-Уул дүүргийн газрын албаны ажилтнууд яагаад Чингэлтэй дүүрэгт газар зарах гэж байдаг юм. Танай дүүргийн дарга нар газрыг хууль бусаар эзэмшиж, худалдан борлуулж,  зориулалтын бусаар ашигласан асуудлыг мэдээгүй гэж үү?

-Таныг асууж буй учраас хэлье. Марс захын үүдний газрыг Хан-Уулын газрын албаны нөхдүүд зарах гэсэн. Зарах гэж буй газрынх нь тал нь манай цагдаагийн байгууллагынх. Тэнд газар бийг хэн тэдэнд мэдээлсэн юм. Яагаад Хан-Уул дүүргийн газрын албаны дарга оролцдог юм. Манай газрын албаныхан хаана байсан юм. Үүнийг шалгах ёстой биз дээ.

Эсвэл цэцэрлэг баръя. Лениний музейн ард маш том газар бий. Тэр газрын зөвшөөрлийг цуцлаад талд нь ногоон байгууламж үлдсэнд нь хүүхдийн цэцэрлэг барихаар болгосон. Хууль бусаар газар авсан бол зөвшөөрлийг нь цуцална. Дүүргийн Засаг даргын мэдэл хүрэхгүй бол Хотын даргад уламжилна. Ийм л зарчмаар ажиллаж байна.

-Газрын асуудлаас гадна засаж, сайжруулах шаардлагатай ямар ажил байна. Дүүрэгт асуудал их шүү дээ?

-Дүүрэг аж, ахуйн ажил хийдэг. Иргэдийн аж төрөх нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын иргэдийн тав тухыг бүрдүүлэхээс ажил эхэлж байна. Иргэдийн халамжийн үйлчилгээ, гудамж, зам, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, засвар үйлчилгээ, гэрэлтүүлэг гэх мэт олон ажил бий. Мөн дагалдах төрийн үйлчилгээний ажил байна. Энэ бүхнийг цаг алдалгүй оновчтой, түргэн шуурхай хийх ёстой. Засаг дарга солигдохоор иргэдээс гомдол их ирдэг юм байна. Иргэдийн саналыг зохист байгууллагад шилжүүлэн шалгуулж, судлуулж байгаа. Мөн эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотой ажлууд болон өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байна. Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн объектуудын үр ашгийг нэмэгдүүлэх, засаж сайжруулах тал дээр мөн ажиллаж байна. Тус объектуудын дүрэм, журам нь оновчтой байна уу, жинхэнэ эзэн нь хэн юм, зөв ашиглаж байна уу гэдгийг судалж, шалгаж байгаа юм.. Мэдээж асуудлын хажуугаар сайн зүйлүүд ч бий. Энэ ажлуудаа илүү сайжруулах шаардлага бий. Энэ бүхэн дүүрэг, аж ахуйн ажлаас гадна иргэд олон нийтийнх юм. Иргэдээс саналууд их ирж байгаа. Төрийн байгууллагын анхан шатанд ажиллаж буй ажилчид ч мөн санал, бодлоо хэлж байна. Бид бүхий л хэлбэрээр хамтран ажиллаж байна.

-Ажлаа хүлээн авснаас хойш гэр хороолол болон хороодоороо биечлэн явж ажиллаж байгаа гэж дуулсан. Ингээд явахад бодит нөхцөл байдал ямар байх юм?

-Байшин хорооллын хувьд хүүхдийн тоглоомын болон ахмадын салхилах талбай, гудамж талбайн хашаа хашлага, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон сууцны гадна дулаалга, дээвэр, лифт, хог хаягдал зэрэг маш олон тулгамдсан асуудал байна. Энэ бүхнийг засч, сайжруулахад хороодын даргын санал их чухал байна. Гэр хорооллын хувьд гудамжны зам, жалга, ил задгай хог хаягдал, үе усны далан, дахин төлөвлөлт, газрын маргаан зэрэг асуудал бий. Газрын албанаас зөвшөөрөл өгөөгүй байхад өөрсдөө үерийн ам, өндөр хүчдэлийн дор буучхаад гэрчилгээ авахаар шаарддаг зэрэг нөхцөл байдал бодит байдал дээр тулгарч байна. Онцгой дэглэмийн үе таарсан учир ажлаа аваад бүх хороодоороо тойрч ажилласан. Хороодынхоо даргатай уулзаж, нөхцөл байдалтай танилцаж, судаллаа. Ингэж л ажиллаж байна. Хөл, хорионы үе таарсан учир иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, эмзэг бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалж, ажиллах нөхцөл байдлыг дээрдүүлэх гэх мэт өдөр тутмын ажлууд мөн хэвийн явагдаж байна.

-ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭНЭ НЬ НАМАЙГ ДЭМЖЭЭГҮЙ УЧРААС ИНГЭНЭ,
ТЭГНЭ ГЭЖ ХАЯГЛАХ НЬ УТГАГҮЙ-

-Зуслангийн бүсийн газар олголт их замбараагүй болсон. Цэгцлэхийн тулд ямар ажлыг эхлүүлж байна?

-Зуслангийн ихэнх газар манайд дүүрэгт багтдаг. Ганц Чингэлтэйд бус зуслангийн газрыг цогцоор нь шийдэх ёстой юм билээ. Хувь хүнийхээ хувьд “Газрын мэдээллийн сан”-г нэгтгэх ёстой байна гэж бодож сууна. Газар олгодог эрх дүүргийн засаг даргад байх шаардлага бий юу гэдгийг бодолцох л ёстой. Нэг мөр Хотын дарга нь газрынхаа зохион байгуулалтыг хийдэг байвал дээр юм гэж хараад байна. Сул газруудад байшин барих бус ногоон байгууламж болгон иргэдийг амраадаг байвал илүү оновчтой юм.

-Таныг Засаг даргаар ирэх үед ИТХ-ын төлөөлөгчид тань хоёр хуваагдсан байсан. Тодруулбал, нэг хэсэг нь таныг дэмжсэн бол нөгөө хэсэг нь дэмжээгүй. Таныг дэмжээгүй хүмүүстэйгээ хэр гар нийлж ажиллаж байна. Учраа олсон уу та бүхэн?

-Залуусын түрэлт сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Түүнээс механикаар хуваагдсан зүйлгүй. ИТХ-ын төлөөлөгчдийн нэг хэсэг тэрнийг дэмжинэ гэх асуудал байх шиг л байна. Гэхдээ би “Энэ нь намайг дэмжээгүй учраас ингэнэ, тэгнэ” гэж хаяглах нь утгагүй.

Бүх хорооны дарга маань надтай ажиллаж байна. Би үүрэг, даалгавраа өгөөд явдаг. Томилогдсоноосоо хойш хоёр удаа цахимаар хуралдсан. Бүгд л оролцсон.

-2020 оны төсвөөр танай дүүрэгт бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх вэ. Ажлыг гүйцэтгэх явцад хувийн хэвшилтэйгээ хэр сайн хамтрах вэ?

-Энэ онд дүүргийн болон улсын төсвөөр нэлээн олон ажлыг хийж гүйцэтгэнэ. Ажлууд нь төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Намайг ирэхээс өмнө яаж хийж ирсэн түүнийхээ дагуу л хийгдэх ёстой гэж би мэдэгдсэн. Үүнд Засаг даргын зүгээс нөлөөлөхгүй. Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж барих, өргөтгөл хийх ажлууд хийгдэнэ. Чингэлтэй дүүрэгт Улаанбаатар хотын анхны “Сервис Центр”-ийг өнгөрсөн онд байгууллаа. Тодруулбал, 280 айлыг цахилгаан болон хатуу түлшээр халаадаг болсон. Эдгээр айлууд халуун ус, боловсон нойлтой. Орон сууцны айл шиг амьдарч байна гэсэн үг. Энэ бол нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил. Энэ төслийг 2020 онд өргөтгөх зайлшгүй шаардлага байна. Хэд, хэдэн цэцэрлэг, сургуулийн өргөтгөл, шинэ барилгын ажил бий. Засаг дарга солигдсоноос хамаарахгүйгээр энэ ажил явагдана. Би хороодын дарга, ажилчидтайгаа уулзсан. Үйлчлэгчидтэй ч уулзсан. Тэдэнд би ганцхан зүйл хэлж байгаа юм. “Та бүхэн ажлаа л хий. Харин аль нэг хууль бус үйлдэлтэй зүйлтэй холбогдсон бол Засаг даргаас дэмжлэг авахгүй” гэж л хэлсэн.

-Танай дүүргийн хэдэн хүүхэд 3-10 км явж байж сургууль, цэцэрлэгтээ хүрч байна. Энэ судалгааг хийсэн үү?

-Байлгүй яахав.  Гэхдээ сүүлийн дөрвөн жил сургууль, цэцэрлэгийн хүртээмж харьцангуй нэмэгдсэн. Би 2006 онд Чингэлтэй дүүргийн VI болон VII хорооноос нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон . Тэр үед VI хороонд хоёр сургууль байсан. Харин VII болон VIII хороо сургуульгүй байсан. 30 орчим мянган хүн амтай. Хүүхдүүд маш хол буюу СХД, БГД болон ЧД-ийн бусад хорооны сургуульд сурдаг байсан. Дор хаяж 4-5 км явж  байж сургуульдаа хүрдэг. Хүүхдүүд шөнө орой явна. Тэр хэрээр нохойд бариулна, хүн амьтнаас айж ичнэ гэх мэт асуудал байсан. Тийм учраас бид ярилцаж байж Далан давхрын хажуу талд 760 хүүхдийн сургуулийг Японы хөрөнгө оруулалтаар барьж байна. Ирэх жил ашиглалтад орно. Уг сургуулийн онцлог нь гамшгийн үед хорогдох байр болгох стандарттай. Үүнээс гадна 640 хүүхдийн сургуулийг нийслэлийн хөрөнгө оруулалт наймдугаар хороонд барьж байна. Газар чөлөөлөлт нь эд хийгдэж байгаа юм.

Ингээд огт сургуульгүй хоёр хорооны асуудал шийдэгдэж байна. Дахин ганц, хоёр хороонд сургууль барих шаардлага бий. Тэнд сургууль барина. Хүүхдүүд гэртэйгээ ойр сургуульд явдаг болчихвол эцэг, эх нь ажил хийх боломжтой болно. Энэ хэрээр тухайн айлын амьдрал дээшилнэ. Эцэг, эх нь хүүхдээ сургуульд нь зөөхийн тулд ажил хийж чадахгүй байна шүү дээ. Харин эцэг, эх нь ажил хийчихлээр хүүхэд нь сургуульл сурч чадахгүй тохиолдол их байна. Энэ мэт асуудлуудыг бага, багаар шийдэж байгаа. Наймдугаар хороонд барьж буй сургуулийг Кембриджийн стандарттай болгохоор ярилцаж байна.

-Та уг албан тушаалд томилогдсоноосоо хойш эрх мэдлийнхээ хүрээнд хэн нэгэн албан тушаалтан болон ажилчдаа ажлаас нь халж, цомхотгол хийсэн үү?

-Засаг даргад хэн нэгнийг ажлаас халах эрх байхгүй. Тамгын даргаа чөлөөлсөн, туслахаа авчирсан. Орлогч нар маань ажиллаж байна. Асуудал алга.

Ярилцсанд баярлалаа.  

Эх сурвалж: isee.mn

http://isee.mn/n/8032

Leave a Reply

  • Facebook