ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1, 2, 3 ДУГААР ХОРООНЫ ЖИШИГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БАРИГДАНА

Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны иргэдэд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг нэг дороос цаг алдалгүй,чанарын өндөр түвшинд чирэгдэлгүй хүргэх зорилготой орчин үеийн стандартад нийцсэн “ЖИШИГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ийг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилгын шав тавих арга хэмжээ 7 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнгөнсар нар болон албаны төлөөлөл, иргэд оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй баригдсан граж, барилга байгууламжийг буулган газар албадан чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, биеийн тамир, урлаг соёлын үйлчилгээг хүргэх олон бүтээн байгуулалтын ажлуудыг зохион байгуулахыг онцолж байлаа. Нийтийн эзэмшлийн энэхүү байршилд зөвшөөрөлгүй 15 граж байрлаж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Газар албадан чөлөөлөх тухай” А/186 дугаар захирамж 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гаргасны хүрээнд тус газрыг албадан чөлөөлсөн юм.

Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа “Мэнд Цолмон” ӨЭМТөв нь 1, 2, 3 дугаар хорооны Засаг даргын Ажлын албаны байранд тарж байрлаж иргэдэд үйлчилдэг бөгөөд энэ нь чирэгдэлтэй, аливаа халдварт өвчин тарах эрсдэлтэй төдийгүй төвлөрсөн нэг удирдлагын зарчим алдагдсан зэрэг учир дутагдалтай байгаа бөгөөд “ЖИШИГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны иргэд нэг дороос эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах нөхцөл боломж бүрдэх юм.

Leave a Reply

  • Facebook