ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ АХМАДУУДЫН “АЛТАН НАМАР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын ахмадууд өөрсдийн тариалсан ногоо, гар урлалын бүтээлүүдээ Тусгаар тогтнолын талбайд дэлгэлээ. Дүүргийн хороодын уран гартай, газар тариалан эрхэлдэг ахмадууд иргэдэд өөрсдийн урласан, бүтээсэн бүтээл, гар урлал, тариалсан хүнсний ногоог худалдаалж буй “Алтан намар” өдөрлөгийг дүүргийн Ахмадын хорооноос зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар ахмадуудынхаа дэлгэсэн бүтээлүүдтэй танилцаж, санал хүсэлтийг сонслоо.

Үзэсгэлэн худалдаанд дүүргийн 17 хорооны 106 ахмадууд 180 гаруй нэр төрлийн 700 гаруй бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Тухайлбал 15 дугаар хорооны иргэн, өндөр настан Г.Батбаяр өрхийн тариалан эрхэлдэг. Дүүрэгт 1972 оноос хойш оршин сууж байгаа тэднийх хашаандаа 5 төрлийн хүнсний ногоо, 10-12 төрлийн нарийн ногоо, 6 төрлийн жимсний мод буттай. Мөн 7 төрлийн цэцгийн мандал, 3 төрлийн хүлэмжтэй. Өнөөдрийн “Алтан намар” өдөрлөгт өөрсдийн тариалсан хүнсний болон нарийн ногоо, эмийн ургамал, дарсан ногоог дэлгэн тавьжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудын санал сэтгэгдлийг сонсож иргэдэд бүтээгдэхүүнээ борлуулахад байраар хангах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Leave a Reply

  • Facebook