Д.НЯМДОЛГОР: ЭНЭ АМЬДРАЛ БОЛЖ Л БАЙНА, ИЛҮҮ ИХИЙГ ШУНААД ЯАХ ВЭ

Б.Аззаяа

 19.14

Хүний өөрийн зургаан хүүхдийг өсгөж, хүмүүжүүлж, 90 настай буурал аавыгаа асарч яваа Д.Нямдолгор бүсгүйг энэ удаагийнхаа “Эгэл амьдрал” булангийн зочноор урилаа. Биедээ хүндэдмээр ачаа үүрч тэрбээр эхээс төрөхдөө л уруул, тагнай нь сэтэрхий гарсан ч өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж гололгүй, эмзэглэлгүй хүний дайтай амьдарч яваа нэгэн юм. “Энэ амьдрал болж л байна, илүү ихийг шунаад яах вэ дээ” хэмээн даруухан хэлэх түүнийг Чингэлтэй дүүргийн XV хорооныхон андахгүй. Зарим нь хааяа нэг таарахаараа “Мундаг шүү, энэ хэдэн хүүхдийг хүний дайтай хүн болгосон” хэмээн тэвэрч авдаг.

Ээж минь намайг амьдралд багаас нь л бэлдэж өгсөн

Нямаа эгч эмэгтэй хүнээс гарамгүй тэвчээр гаргаж, хэрсүү өссөн ухаантай бүсгүй юм. Тэрбээр “Манай ээж их ухаантай хүн байсан. Одоо үеийн эмэгтэйчүүд шиг эм ууж, хүүхдээ зулбуулья гэж байгаад намайг хөгжлийн бэрхшээлтэй болгоогүй, хар хэл амнаас болоод л би ийм болчихсон юм. Намайг ийм төрсөн болохоор ээж амьдралд багаас минь бэлдээд байсан байх. Гэрийнхээ бүх санхүүг надаар бариулдаг байлаа. Аавыг цалингаа аваад ирэхээр “Аав нь ийм мөнгөтэй ирж. Миний охин юунд зарцуулах вэ, яах вэ” гээд л надаас асуудаг байлаа. Тэр үед өөрийгөө “Их мундаг юм байна даа” гэж боддог байсан. Одоо эргээд бодохоор намайг амьдралд л бэлдэж байсан юм билээ. Тэгж чадсан учраас би хүнд амьдралыг нэг их түүртэлгүй давсан даа. Хамгийн хэцүү нь ээжийгээ алдах л юм билээ. Өнгөрсөн хойно нь л ухаарах юм. Одоо л бодоход миний ээж дэндүү ухаантай алсын хараатай хүн байж дээ. Эргээд ганц удаа харах юмсан л гэж их бодох юм” хэмээн нулимс дуслуулан ярьж байсан юм. Нямаа эгч “Би өөрөө дайчин, хөдөлмөр ч хүн шүү дээ. Зүгээр сууж байгаа хүн харахаар уур хүрээд байдаг юм. Мөнгө төгрөгөө үрэн таран хийгээд байгаа хүнд жаахан ая муутай. Гэхдээ хүнийг өөр шигээ байлгана ч гэж юу байх билээ дээ” хэмээнэ билээ.

Ах, эгч хоёрынхоо хойноос буян хийх гэж бурхан зурсан

    -Таны амьдрал тийм ч дардан байгаагүй гэж сонссон?

-Би дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Ах, эгч хоёр минь дөрөвхөн сарын зайтай эндчихсэн юм. Миний ахыг 1989 оны наймдугаар сард хүн хөнөөчихсөн юм. Тэгээд өлгийтэй, дөрвөн настай хоёр хүүхэд нь өнчин үлдсэн. Гэтэл 1990 он дөнгөж гараад байтал эгч маань төрөхөөс болоод нас барсан. Тэр үед би өөрөө Эх нялхсын сэхээний тасагт ажиллаж байлаа. Эгч минь яг миний гар дээр бурхан болсон. Тэгээд дахиад хоёр өнчин хүүхэд үлддэг юм байна. Ээж аав хоёр тэр үед 60 гаруй настай байлаа. Эмнэлгийн цалин ч тааруу байсан. Дөрвөн өнчин хүүхдийг яаж 60 гарсан ээж ааваараа тэжээлгэх билээ дээ. Амьдрахын эрхэнд ажлынхаа хажуугаар бурхан зурж зардаг байлаа. Тэр үед нас барсан хүний оршуулгын зураг ч зурж үзсэн. Тэгээд тав арван төгрөг олно. Зурсан бурхнаа Гандангийн үүдэнд зогсч зардаг байв. Одоо бол зургийн жааз төрөл бүрээрээ байдаг болж. Тэр үед тийм зүйл байсангүй, өөрөө мод зорж байгаад л хийдэг байсан. Тэгээд арай их мөнгө олоод ирэхээр нь өөрөө бурханаа зараха больж хадаг зардаг өвөөд бөөндөж өгөөд заруулдаг байлаа. Тиймээс надад бага ч гэсэн цаг гараад ирсэн. Тэгэхээр нь Гандан болон хувь хүмүүсийн захиалгаар бурхан зурж оёдог байлаа.

   -Та сувилагч мэргэжилтэй гэсэн. Зураг зурах чадварыг хаана эзэмшсэн юм бэ?

-“Авьяас” гээд уран зургийн компанид ажиллаж байлаа. Одоо ч байхгүй л дээ. Тэнд 14 хоног цалинтай дагалдан хийж байх даа сурсан. Манай аав чинь уран хүн. Аавынхаа авьяаснаас жаахан ч гэсэн өвөлж авсан юм шиг байна билээ.

   -Бурхан зурж, оёх гэдэг тийм ч амар ажил биш байх. Хэн дуртай нь хийгээд байдаггүй. Яагаад бурхан зурах болов?

-Эгч ах хоёрынхоо хойноос буян хийе гэж бодоод Цагаан дарь эх бурханыг оёж эхэлсэн. Лам нарт үзүүлсэн чинь “Мундаг байна, бурхан зурах авьяастай юм байна” гээд надад бурхан зурах эрх олгосон.

19.15

-Зурсан бурханаа хэдээр зарж байв?

-Юу л шалих вэ дээ, 400-500 төгрөгөөр л зардаг байлаа. Тэр үед чинь бушуухан зараад л хоол ундны мөнгө олж хэдэн хүүхдээ тэжээх гээд явдаг байлаа.

   -Сувилагчийн ажлаа орхих болсон нь ямар нэг шалтгаантай юу?

-Эгчийгээ өөрөө харж байгаад алдчихсан болохоор эмнэлэгт ажиллахад хүндрэлтэй байсан. Урам ч үгүй байлаа. Тэгсэн надад нэг хүн 80 см-ийн өргөнтэй Баян Намсай бурхан зуруулах захиалга өгсөн юм. Тэрийгээ гэртээ зурчихаад, хүнд нь өгөх гээд ажил дээрээ авчраад тавчихсан юм. Тэгсэн хагалгаанд орчиход гараад иртэл манайхан надад баяр хүргээд л бөөн юм болов. Гайхаад асуусан чинь нөгөө зурсан бурханыг минь олоод харчихжээ. Тэгээд манай ажлынхан “Чи ийм мундаг зурдаг хэрнээ энд хагалгаанд ороод л цус нөж хараад сууж яадаг юм” гэсэн. Залуу байсан юм болохоор “Нээрээ ч тийм юм уу” гэж бодоод, ажлаасаа гарах өргөдлөө өгсөн дөө.

   -Та ах, эгчийнхээ дөрөв, өөрийнхөө хоёр гээд зургаан хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн гэсэн. Амаргүй л байсан биз?

-Амаргүй байлаа. Тухайн үед манайхан ухаантай ухаангүй хоёрын хооронд л байлаа. Энэ хэдэн хүүхдийг хүний зэрэгт хүргэчих юмсан гэж явсан учраас өөрөө дээд сургууль ч төгсч чадаагүй. Харин хэдэн хүүдээ бүгдийг нь мэргэжилтэй, сургуультай болгосон. Миний өсгөсөн хүүхдүүдийн бага нь дөрвөн сартай үлдэж байсан бол одоо 25-тай. Одоо бүгд биеэ даагаад, амьдрал зохиогоод явж байгаа. Би эгчийгээ өнгөрөхөд жирэмсэн байсан юм. Хүүхдийнхээ эцэгтэй суугаад өөрийгөө бодоод явах гэхээр дөрвөн өнчин хүүхдээ яах билээ гээд, надад тэднийг хаяад авах сэтгэл байгаагүй. Тийм болохоор өөрийгөө золиослоод хүүхдийнхээ эцгээс салж, таван өнчин хүүхдийг өсгөсөн дөө.

   -Тэд танд хэр тус дэм болж байна даа?

-Бүгд өөрсдийн гэсэн амьдралтай болсон. Том охин маань энэ жил ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийг төгсч байгаа. Бага охин есдүгээр анги. Эгчийг нь төгсгөөд жаахан амьсгаа авч байтал дүү нь оюутан болно доо. Гэхдээ эгч нь ажил төрөлтэй болчихвол дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлчих байх гэж найдаж сууна.

   -Та улсаас тусламж дэмжлэг авч чадаж байгаа юу?

-Хүмүүс намайг “Чи хөгжлийн бэрхшээлтэй юм чинь халамж олдоно” гэдэг байсан. Би өөрөө түүртээд байдаггүй. Бүх зүйлд өөрөө яваад, хийгээд сурчихсан болохоор нэг их эмзэглэдэггүй. Тэгсэн хоёр жилийн өмнө ажлын байр нэмэгдүүлэхээр 500 мянган төгрөгийн зээл авсан юм. Гэтэл манай дүүргийн нэг мэргэжилтэн зээл авсан хүмүүсийнхээ эргэн зарцуулалтын талаар мэдээлэл авч яваад манайд орж ирсэн. Тэгээд надаас “Та хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төрөөс олгож байгаа тэтгэмжийг авдаг уу. Та орох ёстой юм байна” гэсэн. Тэгээд өнгөрсөн жил хөөцөлдөж байгаад тэтгэмж авдаг болсон. Сардаа 145 мянган төгрөг авч байна.

Найман настайдаа “Тунгалаг тамир” романыг гурван удаа уншсан

Нямаа эгч Улаанбаатарын унаган хүүхэд. Тэднийх 1966 онд л Зурагтын хуучин эцэст хашаа байшинд орсноос хойш өдийг хүртэл амьдарч байгаа. Түүний аав А.Дорлиг насаараа мужаан явсан бөгөөд Гандантэгчинлэн болон Зүүн хүрээ хийдэд мужаанаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, одоо 90 гаруй насыг зооглож яваа буурал. Нямаа эгч аавыгаа асарна, хажуугаар нь модон хүүхэлдэй хийж амьдралаа залгуулна гээд тун ч завгүй. Тэрбээр “Хөл муутай байсан бол бараагаа бариад явж чадахгүй шүү дээ. Намайг араас хүн харахад эрүүл юм шиг харагддаг. Ер нь надтай муухай харилцдаг хүн ховор. Өөрийгөө хүнд зөвөөр ойлгуулаад явж байна даа” хэмээсэн. Нямаа эгч 28 дугаар сургуулийг онц дүнтэй төгссөн. Түүнийг 10 жилийн сурагч байхад хүүхдүүд их шоолоод хэцүүхэн л байдаг байж. Гэхдээ тэр энэ бүхнийг тэссэн, давсан. Нямаа эгч дөрвөн настайгаа уншиж сураад зогсохгүй сургуульд орохоосоо өмнө “Тунгалаг тамир” романы нэг, хоёрдугаар ботийг гурван удаа уншсан байна. Тэрбээр энэ тухайгаа “Найман настайдаа тагнаагаа оёулаад, эмчилгээ хийлгээд сургуульд орж чадаагүй юм. Тэгээд есөн настайдаа орсон. Сургуульд оруулах гээд аав сургууль дээр намайг дагуулаад очсон чинь багш “Ийм хүүхдүүдийг авдаг тусгай сургууль байдаг шүү дээ. Яагаад тэнд нь өгөөгүй юм” гэхэд би яриаг нь ойлгочихоод гэртээ ирээд уйлж билээ” хэмээн ярьсан. Түүний амьдралд бэрхшээл дэндүү олон байж, гэхдээ Нямаа эгч амьдралд сөхрөөгүй. Түүнийг өдийг зэрэгтэй явахад нь хамгийн их тусласан хүн Батболд багш нь гэсэн. Тэрбээр “Батболд багшид хадаг, сүүгээ өргөж багш шавийн барилдлагатай болсон. Тэр хүний хүчинд л бий энэ олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлж чадсан. Одоо хүртэл хоолтой байх замыг минь чиглүүлж өгсөн. Багшдаа би байнга тэрийг хэлдэг байсан. Багш маань намайг “Миний хамгийн ухаантай, хайртай шавь минь л” гэж ярьдаг. Тэр хүнд “баярлалаа” гэж хэлэхээ биш өөр юм хийж өгч чадахгүй юм даа” хэмээн ярьсан.

Францын Элчингийн ханын шүүгээнд миний хийсэн хүүхэлдэй байсан

   Д.Нямдолгор эгч Барилгын цэргийн ерөнхий газар болон “Энхжаргалан” компани гээд л олон газар зураачаар ажиллажээ. Хувийн байгууллагад ажилласнаас илүүтэй хувиараа бүтээл хийж зарах нь ашигтай гэж үзээд 1996 оноос хойш модон хүүхэлдэй урлаж эхэлсэн байна.

   -Та модон хүүхэлдэйнүүдээ хаагуур зардаг вэ?

-УИД, “Цэцэг” төвд шимтгэлийг нь өгөөд заруулдаг. Зарагдсаных нь дараа тооцоогоо хийдэг. Мөн “Мөнгөнзавъяа”-гийн доор байдаг хувийн лангуунуудад бөөний үнээр нь өгчихдөг.

   -Хэр ашиг олох юм?

-Том, жижиг, чимхлүүр ажил хэр орсноос нь хамаараад 2500-25000 төгрөгөөр зардаг. Зарж байгаа газар нь үүнээс 33 хувийн шимтгэл авдаг. Тэгээд 25000 мянган төгрөгийн хүүхэлдэйнээс надад 14000 төгрөг гар дээр ирдэг. Тасралтгүй хийгээд байвал сард 300-400 мянган төгрөг олчихно. Өвөл гүйлгээ нь зогсдог. Зун аялал жуулчлал гээд нэмэгддэг юм.

   -Шөнөжин суух үе гарна биз?

-Тэгэлгүй яах вэ. Надад захиалга их ирдэг. Зарим үед гурван хоногт 50 хүүхэлдэй хийх тохиолдол гарна. Анх телевизээр зар өгч байснаа бодвол одоо хүмүүс над руу утасдаад захилга өгчихдөг. Гэхдээ нөгөөдүүл нь мөнгөө өгөхдөө жаахан хойрго. Өргөн хэрэглээний бараа биш болохоор “Бэлэн мөнгөгүй юм бол больё доо” гээд би энийг бариад хаачих билээ. Тэгээд л зээлээр өгчихдөг юм. Заримаас нь мөнгөө авч чадахгүй “Өгчих тэгэх үү“ гээд л мессеж бичээд сууж байна даа.

   -Ер нь ойролцоогоор хэдэн модон хүүхэлдэй таны гараас гарсан бол?

-Өө тоогоо алдсан. Заримдаа “Би ер нь хэдэн метр торго хайчилсан бол” гэж боддог. Саяхан Эрээн яваад ирсэн. Эндээс торго авахаар их үнэтэй. Тийм болохоор 50 см-ээр нь авна. Тэр нь олигтой юм болохгүй. Захаас 50 см-ийг нь 8000 төгрөгөөр авна. Тэгсэн Эрээнээс нэг метрийг нь 2000 төгрөгөөр авсан.

   -Ийм хүүхэлдэй хийдэг хүн олон байдаг юм билээ. Таных юугаараа онцлог юм бэ?

-Нэг хэсэг модон хүүхэлдэй хийдэг хүн олон байсан. Одоо ховорхон болоод байгаа шүү. Зах зээлээс аяндаа шахагдаж байна. Муу нь зарагдахгүй, лангуун дээр тоосонд дарагдаад л үлдэж байгаа. Минийх тоосонд дарагдаад хэвтэх нь ховор шүү. Хааяа нэвтрүүлэг үзэж байхад миний хийсэн бүтээл байдаг. Их гоё санагдана шүү. Францын Элчингээс авсан ярилцлага телевизээр гарч байхад ханын шүүгээнд нь миний хийсэн хүүхэлдэй харагдана билээ. Анх “Франц руу өгч явуулах гэж байгаа юм” гээд захиалахаар нь баярлаад л хийдэг байлаа. Одоо миний хийсэн бүтээлийг дэлгүүрээс хэдэн орны хэчнээн хүн аваад явж байгааг мэдэхгүй. Эгч нь 18 үндэстэн ястнаа хийчих юмсан л гэж боддог. Одоо Дарьганга, Буриад Халх, Мянгад ястнуудыг модон хүүхэлдэйгээр хийгээд байгаа.

   -Хүн бүр ямар нэг мөрөөдөлтэй байдаг. Таны хувьд ямар мөрөөдөл тээж явна даа?

-Бүтээлээ борлуулчихдаг дэлгүүртэй болчих юм сан л гэж боддог. Үйлээ үзэж нүдээ ширгээж хийсэн зүйлээ хүнд хямд өгөөд байх таатай биш шүү. Худалдаачид надаас 2500 төгрөгөөр авчихаад 5000 төгрөгрөөр зардаг. Гэхдээ тэр хүмүүсийг муу хэлэх юмгүй. Өөрөө зараад сууж байвал арай л амьд юм уу даа л гэж боддог. Манайх гар ажиллагаатай токарийн машинтай. Үүнийг автоматаар сольчих юмсан л гэж бас бодно. Гэхдээ энэ ч биелэхгүй мөрөөдөл юм шиг байна билээ. Уг нь интернэтээр ороод үзэхээр автомат токарийн машин байсан. Монголд оруулж ирдэг юм байна. Үнэ нь дийлдэхгүй биз. Гэхдээ яах вэ болж л байна, үүнээс илүү шунаад яах вэ. Энэ хүүхэлдэйнүүдээ улам л хүний хэрэгцээ хангасан, гоё болгоё л гэж боддог. Би чинь бие муутай хэрнээ хүүхэлдэйнүүдээ хийгээд суучихаар сэргээд л явчихна шүү дээ. Том охин маань “Одоо би төгсөөд ажил төрөлтэй болчихвол ээж минь үүнийгээ болино биз дээ” л гээд байгаа. Би ч болихгүй л гээд зүтгээд байгаа шүү дээ.19.16

Leave a Reply

  • Facebook