ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙГ ЗОДОЖ, ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Хүүхдийг зодож шийтгэх, дарамт хүчирхийлэлд оруулахад хүүхэд сэтгэлийн гэмтэл авч, оюуны хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг болох нь олон улсын болон дотоодын олон судалгаагаар батлагдаад байна.

0.15      0.16

Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох зорилгоор 1998 оноос АНУ-д 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэж эхэлжээ.

2001 оноос дэлхийн бусад улс орнууд нэгдэн энэхүү өдрийг олон улсын түвшинд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон юм. Үүний хүрээнд дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг яаж хүмүүжүүлж байгаа тухайгаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг юм.

0.17      0.18

Манай улсад анх 2008 онд Хүүхдийг Ивээх Сангийн санаачлагаар “Хүүхдийг зодож шийтгэхгийг таслан зогсооход” чиглэсэн нөлөөллийн олон талт ажлуудыг жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулан, олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Хүүхдийг Ивээх Сан нь “Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны дарамт, шийтгэлийг таслан зогсоох Дэлхийн санаачилга” олон улсын хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг байна.

Тиймээс энэхүү өдөрт зориулан Хууль Зүйн Яам, Чингэлтэй дүүргийн ИТХ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн ЗДТГ, Хүүхэд Хамгааалал Үндэсний Сүлжээ, Хүүхэд Хүүхдийн Төлөө ТББ, хүүхдүүд хамтран хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, олон нийтэд мэдээлэл өгөх өдөрлөгийн арга хэмжээг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.

0.19      0.20

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр хүүхдийг зодож шийтгэхийг хориглон хуульчилахыг дэмжсэн олон нийтийн гарын үсэг цуглуулах, хүүхдүүдийн мэндчилгээ, эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын зөвлөгөө, мэдээллүүд, хүүхдийн бүтээлийн болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм.

Энэ жилийн үйл ажиллагаагаар дараах агуулгын хүрээнд олон нийтэд мессеж түгээх зорилготой юм. Үүнд:

  • Хүүхдийн сэтгэлд шарх үлдээх хүмүүжлийн арга байх ёсгүй.
  • Хүүхдийг урам зоригоор тэтгэж, ухаалаг зөв аргаар хүмүүжүүлье.
  • Хүчирхийлэлгүй өнөөдөр-хүчирхийлэлгүй ирээдүй: Хүүхэд насыг хүчирхийлэлгүй байхаар одоо хуульчлах нь хүчирхийлэлгүй ирээдүйн баталгаа юм.

ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!

ХҮҮХЭДДЭЭ БАХАРХАН ДУУРИАХ ХҮН НЬ БАЙЯ!

0.21      0.22

Leave a Reply

  • Facebook