Д.БАЯНЖАРГАЛ:200 ГАРУЙ ХҮНД СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГСӨН

 

uilchlegch-2

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран “Хүний төлөө-Зөв тус” өдөрлөг зохион байгуулсан.

Энэ үеэр ажлын бус цагаараа хоёрдогч түүхий эд цуглуулан олсон орлогоосоо өнчин хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан зэрэг 200 гаруй иргэнд сэтгэлийн халуун дэм өгсөн дүүргийн 12-р хорооны иргэн Д.Баянжаргалыг алдаршуулах арга хэмжээ болов. Д.Баянжаргал жилд 2 удаа 700.000 орчим төгрөгийн халуун хоол, цай, сүү, цагаан идээ зэргээр тус дэм үзүүлсээр 5 жилтэй золгожээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хаана ямар байгууллагад ажиллаж байсан бэ?

-1980-аад онд “Онон” рестаронд угаагч-үйлчлэгч, дараа нь Автобус баазад мөнгө хураагч хийж байлаа. 2000-гаад оны дундуур нуруу, нугасандаа хүнд гэмтэл авсан. Гэхдээ эгч нь шантраагүй.

Үдшийн бүрэнхийгээс үүрийн харанхуй хүртэл усны жижигхэн тэрэг түрээд шил, лааз цуглуулна. “АПУ” компанид гэхэд 10.000-15.000 шил тушаасан байдаг юм.uilchlegch

-Та хэдэн хүүхэдтэйгээ амьдардаг вэ?

-Гурван хүү, гурван охинтой. Хоёр том маань МУИС, Удирдлагын академид суралцаж байна. Хичээлийнхээ зав чөлөө, амралтаараа ажил хийж, сургалтынхаа төлбөрийг төлдөг.

Хоёр бага хүү дүүргийн ерөнхий боловсролын 57, 61-р сургуулийн 6, 7-р ангид сурдаг. Нэг охин минь ээждээ тусалж “Нарантуул-2” худалдааны төвд үйлчлэгч хийж байна.

– Бусдад туслах мөнгийг хаанаас хэрхэн олж хуримтлуулж байна вэ?

-Ажлаа дуусгаад шил, лааз цуглуулахаар гарна. Манай хороо, “Нарантуул-2” худалдааны төвийнхөн, миний бага боловч тус хүргэсэн хүмүүс намайг андахгүй танина, мэднэ. Олсон мөнгөө хуримтлуулж байгаад өндөр настанд цайны сүү, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэлэг авч өгөх зэргээр тусалдаг юм.

-Та байшин барьсан тухай яриандаа цухас дурдсан. Жаахан тодруулахгүй юу?

-4-5 жилийн өмнөх явдал. Манай гудамжинд байсан 5х8 хэмжээтэй байшинг хүмүүс буулгалаа. Буулгасан байшингаас үлдсэн хагархай тоосго, шаврын хэлтэрхийг цэвэрлээд хашаанд зөөж, хураадаг болсон.

Манай хороо, гудамжны хүмүүс хагарсан тоосго, хэд гурван банз, хуучин модон ор гэх зэргээр байгаа бүхнээ өгнө. Байшингийн материал 6-н сарын хугацаанд цугларсан. Бага сагахан зүйлийг цөөн хэдэн төгрөгөөр аваад том хүүтэйгээ байшингаа барьсан.

-Дүүргийн удирдлагууд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Дүүргийн Засаг дарга Д.Ганболд албаны хүмүүстэйгээ манайд ирсэн. Бага хүү маань саажилттай юм.

Ярьж, хөөрч суугаад хүүгийн минь эмчилгээний зардалд зориулан 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнд маш их баярласан. Одоо миний хүү Б.Лхагваа Спортын төв ордонд боксын дугуйланд долоо хоногт 3 удаа хичээллэдэг, “Ээжээ, би дэлхийн аварга болно” гэж ярьдаг.

 

 

IMG_2341

 

 

Leave a Reply

  • Facebook