“ЦАХИМ УР ЧАДВАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н үйлчилгээг сурталчлан таниулах, цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Тусгаар тогтнолын талбайд “Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлж Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн. Иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой болсон” гэдгийг өдөрлөгийн нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.
Өнөөдрийн өдөрлөгийн хүрээнд төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалтууд, төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн үйлчилгээг сурталчлан таниулах, үйлчилгээ үзүүлэх явуулын автобус, төрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга экспо зэрэг олон талт арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.
“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.