Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг хуваарийн дагуу зохион байгуулж байгаа билээ.
Чингэлтэй дүүргийн тэмцээн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, нийслэлийн тэмцээнд оролцох шилдгүүдээ шалгарууллаа.
Сургалт, тэмцээнд дүүргийн 24 хорооны 30 гаруй тамирчин оролцож, хурд хүч, хараа, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Мөсөн шагайн харваа нь манай ард түмний өнө зууны түүхтэй, Монгол эрчүүдийн авхаалж самбаа, түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болж уламжлан өвлөгдсөн байна. Цаашид уг спортыг сэргээн хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, харваачдыг бэлтгэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулахад зорилготой энэхүү тэмцээнд оролцсон хороодынхоо анхлан суралцагчид, харваачдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилтыг хүсье!
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР