Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2-5 насны цэцэрлэгийн болон 7 настай ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамарсан амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөв дадал олгох аян 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Аяны хүрээнд дүүргийн 19, 39, 43, 102, 224, 277, 280, 293 дугаар цэцэрлэгийн 1869 хүүхэд, мөн 24, 23, 39, 72, 50, 145, 37 дугаар сургуулийн 7 настай 1000 хүүхэд, нийт 2869 хүүхэд хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч Х.Солонго ахлагчтай баг, Жайка Олон Улсын байгууллагын сайн дурын гишүүн, шүдний эрүүл ахуйч Ивай Сан Фумино нар хамтран оролцож, хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийж, зөв угаах арга барил, арчилгааны зөвлөмжийг өгөн ажиллаж байна.
Манай улсад бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байна. Амны хөндийн эрүүл ахуйн дадал, мэдлэгийг бага наснаас нь суулгахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал.
Тиймээс хүүхдүүд болон тэдний гэр бүлд зориулан "24/3 Шүдээ Зөв Угаая" нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.