Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргоос хойш Долоон буудал хүртэлх явган хүний замын орчмыг тохижуулж, ногоон байгууламжтай болгох ажлыг эхлүүллээ.
Тус зам дагуу явган зорчигчдын тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны нөхцөлийг сайжруулах зорилгоор үерийн далан болон автозамаас тусгаарласан ногоон зурвас бий болгоно.
Энэхүү ажлын хүрээнд явган хүний замын хоёр талаар Нарс, Хайлаас зэрэг мод тарьж, тохижилтын ажил гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг долоодугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөж байна.
Чингэлтэй дүүрэг энэ онд нийт 200,000 гаруй мод тарих зорилтыг дэвшүүлэн, дүүргийн хэмжээнд өргөн хүрээтэй моджуулах ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд зөвхөн хотын төвийн бүсүүд бус, гэр хорооллын бүсүүдэд ч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.