“ЭХ ҮРС”-ИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛОВ
“Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн Чингэлтэй дүүрэгт 10 дугаар сарын 1-ний өдөр “Эх үрс”-ийн хэмээх тодотголтой цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, Ардын уран зохиолч Ш.Дулмаа, Гавьяат жүжигчин, дуучин Д.Ганхуяг, 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Содномдорж, Засаг дарга С.Амарбаясгалан, 5 дугаар хорооны иргэд, ахмад настнуудын төлөөлөл оролцлоо.
Бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК хийж, нарс, хус, улиангар, далийн ягаан цэцэг тарьж, 600 м2 талбайг зүлэгжүүлж, хамгаалалтын хайс барьжээ.
Явган зам, талбайн тохижилтыг “Глобал Гейтс” ХХК, сагсны талбай, иргэдийн амарч тухлах саравч, сүүдрэвч, 5 дугаар хорооны цогцолборын орчны тохижилтыг “Эко тогтол” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Мөн үеэр 5 дугаар хорооны цогцолборт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар дүүргийнхээ ахмад, залуус, хүүхдүүд, иргэдэд зориулсан бялдаржуулах төв байгуулсаныг нээлээ.