ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭН БОЛОВ
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн багаас бүрдсэн цэрэг спортын “Дөл” тэмцээний нээлт дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд болж, Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба нарын албаны хүмүүс оролцлоо.
Цэрэг спортьн “Дөл” тэмцээн Дүүргийн Засаг дарга Д.Ганболдод дүүргийн Цэргийн штабын дарга дэд хурандаа Ж.Даваарагчаа илтгэл өгснөөр эхлэв. Тэмцээнийг нээж дүүргийн Засаг дарга Д.Ганболд үг хэлсэн бөгөөд “ Мянга мянган жилээр тоологдох түүхтэй 2200 жилийн бахархалтай, дэлхийн 200 гаруй улсаас ялгарах онцлогтой Монголын тусгаар тогтнолын үнэ цэнэ бидний өвөг дээдсийн эх оронч үзэлтэй салшгүй холбоотой. “Дөл” тэмцээнээр уламжлагдан хойч үе болсон хүүхэд , багачуудад цэрэг эх оронч үзэл өвлөгдөн хадгалагдана гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон.
Мөн Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, тэмцээнд оролцож буй сурагчдыг төлөөлж 23 дугаар сургуулийн сурагч Н.Гантулга нар үг хэлэв.
Цэрэг спортын “Дөл” тэмцээнд дүүргийн 117, 23, 39 зэрэг ерөнхий боловсролын 12 сургуулийн баг-сурагчид цэргийн хувцас өмсгөлөөр жигдрэн, цэргийн мэргэжлийн багш нараар сургалт-хичээл заалгасан нь тэмцээнд эртнээс маш их ач холбогдол өгснийг илэрхийлж байлаа. “Дөл” тэмцээнд оролцсон 12 баг жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоот дасгал, цогцолбор дасгал, урлагийн үзүүлбэр, ханын сонин, эмнэлгийн анхны тусламжийн норматив, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, буухиа тэмцээнээр өрсөлдлөө. Тэмцээнийг TV8, TV9, PLUS, MN25, MNC телевиз сурвалжлав.