Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ний өдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын ерөнхий газарт 15-100 кВт-ын хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч аж ахуйн нэгжүүдэд зориулсан технологийн шийдлийг танилцуулах цуврал уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурын болон усан халаалтын 136 зуухны технологийг шинэчлэх зорилготой юм. Тус уулзалтад Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, төрөөс баримталж буй бодлого болон нэг хувийн татварын хөнгөлөлтийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд уурын болон усан халаалтын зуухны шийдэл, тоног төхөөрөмжийг танилцуулж, арилжааны банкнууд ногоон зээлээ танилцууллаа.
Энэхүү уулзалтыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулжээ.