Монгол Улс 1992 оноос Ахмадын өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороотой хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны ахмад настан Монгол үндэсний гар урлал, соёлын биет өвийг уламжлан тээгч, зээгт наамалчин, уран хамтгамалч, оёдолчин Донгоровын Пунцагдулам Нийслэлийн Засаг даргын шагнал хүртлээ.
Ахмад настан Д.Пунцагдулам нь Урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгтэн төдийгүй төрийн 9 хөлт цагаан тугийн манжлагын зээгийг оёсон 5 оёдолчны нэг юм. ”Төрийн долоон эрдэнэ” 5х10м харьцаатай зээгт наамал, “Эзэн богд Чингис” 5х12м харьцаатай, 56 хэсэг бие даасан дүрслэлтэй, дүрслэл бүр нь 38-532 жижиг хэсгүүдээс бүрдсэн, нийт 9000 гаруй хэсэг бүхий зээгт наамлуудыг нийлүүлэн зээглэн оёх, хатган шаглаж урлахад оролцсон “Торгон урлал” нөхөрлөлийн гишүүн, манай дүүргийн Тэргүүний ахмад настан билээ.
Мөн Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын ёслолын малгай, дээлээс авхуулаад үндэсний бөхийн засуулууд, уяачид, мэргэн харваачид, шагай харваачид, дуучид бүжигчид, жирийн иргэдийн дээл хувцас, залаа, малгай, додиг, тоглолтын хувцас, төрийн далбаа, аймаг сумдын туг далбааг оёж, 2000 орчим дээл урласан байна.