Дулаалъя аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын эхний алхам болох айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, дата цуглуулах ажил өнөөдрөөс эхэллээ.
Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлаа байшингийнхаа онцлогоос хамаараад 40-65 хувь бууруулна гэх тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.
Дулаан алдагдлыг хэмжих, тухайн барилгад хаана нь ямар асуудал байна гэдгийг гаргаж ирэх дата судалгаа цуглуулах ажил цагаан сараас өмнө дуусна. Ийнхүү ирэх хавар, зун, намрын улиралд дүүргийн зүгээс иргэддээ байшин, гэрээ хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах тал дээр нь зөвлөн туслах юм.
Дулаалъя аян хэрэгжсэнээр айлуудад дараагийн өвөлдөө бэлтгэлтэй орох, тэдэнд гэр, байшингаа дулаалах сэдлийг бий болгох, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн мэдлэг зөвлөгөөг айл өрх бүрд хүргэх боломжийг бүрдүүлж өгнө.