Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул БНСУ-ын “Green” эмнэлгийн гүйцэтгэх захирал Им Санг Хёк нарын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын хүүхдүүдийн хүнс, хоол тэжээл, эрүүл мэндийн боловсрол, амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг хийх талаар харилцан мэдээлэл солилцлоо. Энэ оны 9 дүгээр сард “Green” эмнэлгийн эмч, сувилагчдын баг, бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, дүүргийн хүүхэд багачуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх юм.
БНСУ-ын “Green” эмнэлэг өнгөрсөн онд дүүргийн 2500 гаруй хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээг хийсэн юм. Харин энэ жил 4000 гаруй хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр төлөвлөн дүүргийн гэр хорооллын бүсэд байрлах сургуулийг сонгож, бага ангийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.
Санамж бичгийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн нөхцөлийг сайжруулах, боловсрол олгох, дүүргийн өрх болон эрүүл мэндийн төвийн чадавхыг бэхжүүлэх замаар хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах юм.