Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, БНСУ-ын Ёндүн-гүн хошууны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шин Хён Гуан, хошууны Засаг дарга Жон Ён Чоль нар найрамдалт харилцааг өргөжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүрэг, Ёндүн-гүн хошууны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын зочид, төлөөлөгчид оролцлоо.
Хоёр улсын удирдлагууд “Найрамдалт харилцааг өргөжүүлэх” санамж бичигт тулгуурлан эдийн засаг, соёл, аялал жуулчлал, худалдаа зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Дүүргийн Засаг дарга Н.Мандуул арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ хамтын ажиллагаагаа илүү бодитой болгох үүднээс орон нутгийн түвшинд хамтран ажиллах хэрэгтэй байгаа гэдгийг хэллээ.
Мөн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр найрамдалт харилцааны үр дүнд хоёр талын иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, ах дүүс шиг харилцаатай байж, бизнесээ өргөжүүлээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл БНСУ-ын Ёндун-Гүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шин Хён Гуаны зүгээс улирлын чанартай ажлын байранд ажиллах хүч солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, хоёр тал харилцан ашигтайгаар ажиллах хүчний оролцоог хангаж, хамтран ажиллах талаар дурдсан юм.
БНСУ-ын Ёндун-Гүн сум нь байгалийн өвөрмөц тогтоцтой, үржил шимтэй хөрстэй тул газар тариалангийн идэвхтэй бүс юм. Тус хошуунд усан үзэм, тоор, алим гэх зэрэг чихэрлэг жимс ихээхэн ургадаг. Энэ утгаараа дарсны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг байна. Мөн үнэр, амт оруулагчгүй байгалийн органик дарсыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж зах зээлд нийлүүлдэг аж. Түүнчлэн БНСУ-ын уртын дууны гурван ноён оргилын нэгийг төрүүлсэн сум гэдгээрээ соёлын өв тээгч бүсэд хамаардаг байна.