ЦЕГ-ИЙН УДИРДЛАГУУД КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВ “НОГООН БҮС”-Д АЖИЛЛАЛАА
Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулж байсан. Анх тус камерын хяналтын төвд дүүргийн 1-3 дугаар хороог бүрэн камерын хяналтад оруулж байсан бол одоо дүүргийн 21 хороо бүрэн камержсан байна.
Уг төвийн үйл ажиллагааг нийслэл хотод жишиг болгон, үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа сайн жишиг ажилтай өнөөдөр Цагдаагийн газрын удирдлагуудад танилцлаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, генерал Т.Сүхболд болон дүүргийн Цагдаагийн газрын удирдлагуудад Засаг дарга Н.Батсүмбэрэл “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг танилцууллаа.
Тус бүсийг байгуулахад дүүргийн 1 дүгээр хороог ногоон бүс болгон 61 цэгт 145 чиглэлийн камерын суурилж, ингэснээр гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурч байсан. Одоо “Ногоон бүс” төслийн хамрах хүрээг нэмэгдүүлэн дүүргийн 21 хороог бүрэн камержуулж бүрэн ашиглалтад оруулжээ.
Мөн төслийн хүрээнд телехяналтын нэгдсэн төвөөс гадна дүүргийн цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагч нар ажлын өрөөнөөс өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтой юм.
“Камерын нэгдсэн төв, “Ногоон бүс”-ийг байгуулснаар зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байхад туслах олон талын ач холбогдолтой” хэмээн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцоллоо.