ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид болон хүүхэд, гэр бүлийн өмнө үүрэг хүлээгчдэд хуулийг таниулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хууль сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав болон бусад албаны нийт 200 гаруй албан хаагчид оролцлоо.
Хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг илүү өргөжүүлж, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгосноос гадна сум хороодод Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хэмээх орон тоог нэмэгдүүлж ажиллахаар хуульчлаад байгаа юм.