“ЧИНГЭЛТЭЙ ЦОМ-2024” СПОРТЫН ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Зөв залуус” уриатай залуучуудын аварга шалгаруулах “Чингэлтэй цом-2024” спортын их наадам дүүргийн Хайрхан хөгжлийн төв, спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.
Уг тэмцээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын 18-35 насны 1100 гаруй залуучууд хоёр өдрийн турш спортын 9 төрөлт авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сөрөн өрсөлдөх юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар болон дүүргийн залуучууд оролцлоо.
Энэхүү тэмцээний зорилго нь дүүргийн залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл зөв дадал хэвшлийг бий болгох, хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх, спортод хандах идэвх, сонирхлыг өрнүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, дүүргийн залуучуудын спортын аваргыг тодруулахад оршиж байна.